Европын холбоо болон Турк гэсэн хоёр талт дээд хэмжээний уулзалт Брюссельд зохион байгуулагдаж, энэхүү уулзалтаас тун чухал шийдэл шийдвэрүүд гарсан байна. Тодруулбал Европт аж төрж байгаа хэдэн мянган цагаачдыг Турк улс эх нутагтаа хүлээн авахаар боллоо. Харин Турк дэх Сирийн цагаачдыг Европын холбоо хүлээн авахаа амлаад байна.
Энэ тохиролцоо дахин хэдэн сая хүнийг хамарсан шилжилт хөдөлгөөнийг бий болгох төлөвтэй байна. Европын холбоо болон Турк улс өчигдөр ерөнхий тохиролцоонд хүрсэн бол энэ сардаа багтаан гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулж, үзэглэх юм байна. Ингэснээр яг ямар үе шаттайгаар Турк улс Европт аж төрж байгаа цагаачдыг хүлээн авах нь тодорхой болно.
Хэдэн сая хүний амь амьдрал, хувь тавиланг шийдвэрлэх хоёр талт гэрээ хэлэлцээрийн үр дүнг Турк дэхь цагаачид чих тавин хүлээж байна.
Тохиролцоо ёсоор энэ сарын 17, 18-ны өдрүүдэд гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулах юм. Гол нь Турк улсаар дамжиж Европт хүрсэн цагаачдыг л Турк улс эх нутагтаа хүлээн авах сонирхолтой байгаа юм. Харин үүнийх нь хариуд Европын холбоо Туркэд аж төрж байгаа Сирийн дүрвэгсдийг хүлээн авах амлалтанд хүрсэн байна.
Ингэснээр Турк болон Евро бүс дэхь эмх замбараагүй байдал эцэс болж, тодорхой шаардлага хангасан дүрвэгсдийг л үлдээх боломж бүрдэх юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)