Ховор тохиолддог нарны бүтэн хиртэлтийг ажиглахаар одон орон судлаач, сонирхогчид Индонез улсад цугларч байна. Сар дэлхий болон нарны хооронд орох үед үзэгддэг энэхүү гайхалтай үзэгдэл орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөөний 6 цаг 20 минутад Индонези улсад ажиглагдах юм байна. АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр нарны бүтэн хиртэлт Индонезийн хамгийн том арал болох Суматра арлаас эхлэн явагдах бөгөөд цаашлаад Сулавеси, Борнео болон Малуку бүлэг арлуудыг харанхуйлснаар дуусах болно гэжээ. Зөвхөн Индонез улсаас гадна мөн Малайзын нийслэл Куала-Лумпур хот, Сингапур, Хавайн арал болон Австралийн хойд хэсэгт ч нарны хиртэлт хэсэгчилсэн байдлаар үзэгдэх юм байна. Хэрэв та бүхэн эдгээр газруудын аль нэгэнд байхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Учир нь нарны бүтэн хиртэлтийг НАСА-ийн зүгээс интернетээр шууд дамжуулахаар болжээ.
http://www.ustream.tv/channel/nasa-educational
Аль эсвэл дараа жил явагдах нарны хиртэлтийг хүлээж болох юм. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ээлжит нарны бүтэн хиртэлт болох бөгөөд АНУ-д ажиглагдах ажээ. Нарны хиртэлтийг ажиглахын тулд тусгай гэрлийн шүүлтүүр бүхий шилийг ашиглах ёстой бөгөөд энгийн нарны шилийг ашиглахыг хориглодог байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/