Өчигдөр Лос-Анжелес хотноо ОХУ-ын теннисчин Мария Шарапова яаралтай хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь Орос теннисчин допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ажээ. Олон Улсын Теннисний Холбоо ITF 1-р сарын 26-ны өдөр Мельбурн хотноо Мария Шараповагаас авсан допингийн шинжилгээний хариу эерэг гарсныг зарласан.
Мария Шараповагийн хамгийн том хамтрагчдын нэг "NIKE" фирм түүнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж байгаагаа зарлалаа. М.Шарапова 2010 онд "Nike" компанитай 8 жилийн хугацаатай 70 сая долларын шинэ гэрээ байгуулсэн билээ.
"Австралийн нээлттэй тэмцээн"-ий шөвгийн наймд Америкийн Серена Уильямст ялагдсаны дараах шинжилгээгээр М.Шарапова мельдони хэмээх хориотой бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогджээ. Шинжилгээний хариуг албан ёсоор ITF өнгөрсөн баасан гарагт бичгээр илгээсэн байна. Яаралтай хэвлэлийн хурал зарласан Мария Шарапова энэ талааар дараах тайлбарыг өглөө.
"Намайг юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй байна. Асуудлыг ITF-тэй харилцан хамтарч шийдэх гарцыг эрэлхийлэх болно. Надад ахин нэг боломж олгоно гэж найдаж байна. Энэхүү бэлдмэлийг би сүүлийн 10 жилийн турш хэрэглэж ирсэн. Харин 1-р сарын 1-ээс эхлээд хориотой бэлдмэлийн жагсаалтад орсон юм билээ. Би 12-р сарын 22-ны өдөр WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг)-аас захидал хүлээн авсан ч уншиж танилцаагүй нь миний алдаа боллоо. Хөгжөөн дэмжигчдээ гонсойлгож байгаагаа ойлгож байна. Болсон явдалтай холбоотой бүхий л хариуцлагыг би үүрэхэд бэлэн. Ийм нөхцөл байдалтайгаар өөрийн замналаа дуусгахыг хүсэхгүй. Энэ бол миний хувьд хар дарсан зүүд" хэмээн ярьжээ.
Уг бэлдмэлийг яагаад хэрэглэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Эмч маань анх 2006 онд надад энэ бэлдмэлийг өгсөн. Тэр үед би байнга өвдөж, эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан юм. Онош нь магнийн дутагдал гэж гарсны дээр чихрийн шижин өвчин болж хүндрэх аюултай нүүр тулаад байлаа. Энэ бэлдмэлийг ууснаар биеийн байдал маань сайжирсан тул үргэлжүүлэн хэрэглэх болсон" хэмээн ярьжээ.
Удахгүй 29 нас хүрэх дэлхийн экс-тэргүүн теннисчин олон сая хөгжөөн дэмжигчид, бизнесийн хамтрагчид, ивээн тэтгэгчдийнхээ өмнө ийнхүү хүнд байдалд орлоо. WADA-гийн шинэ журмаар мельдони хэрэглэсэн тамирчны эрхийг 4 жилээр хасах юм. Мария Шараповагаас илэрсэн мельдони гэх бэлдмэл энэ оноос эхлэн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтсан ба он гарсаар 5 тамирчнаас энэхүү бэлдмэл илэрсэн байна. Эдгээрийн тоонд Оросын 2 тамирчин, уран гулгагч Екатерина Боброва, Катюша багийн дугуйчин Эдуард Ворганов нараас гадна Украины биатлончид Ольга Абрамова, Артем Тищенко, Эфиоп гаралтай Шведийн гүйгч Абеба Аригави нар багтаж байна.
Энэ мэдээллийн дараагаар Мария Шараповагийн хамгийн том хамтрагчдын нэг "NIKE" фирм түүнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж байгаагаа зарлалаа. "Энэхүү гэнэтийн мэдээлэл бидний хувьд харамсалтай, бас гайхашруулсан явдал байлаа. Энэ хэрэг шийдэгдтэл бид хамтын ажиллагааагаа зогсоох шийдвэр гаргаж байна. Хэрэг явдал цааш хэрхэн өрнөхийг манай компани анхааралтай ажиглах болно" хэмээн "Nike"-ийн албан ёсны мэдэгдэлд дурджээ. М.Шарапова 2010 онд "Nike" компанитай 8 жилийн хугацаатай 70 сая долларын шинэ гэрээ байгуулсэн билээ.
Чадраабал Баатарзориг /UBS/