Пүрэв гаригт Испаний гүнж Кристина шүүхэд мэдүүлэг өглөө. Гүнж Кристина,түүний нөхөр болон бусад 15 хүний эсрэг татвараас зайлсан гэсэн хэргийг тус улсын авилгалын эсрэг байгууллагаас үүсгээд байгаа юм. Кристинагийн санхүүгийн бүхий л төлбөр тооцоог түүний нөхөр нь хариуцдаг бөгөөд тэд хамтдаа Айзоон хэмээх Барселона хотноо байрладаг компанийг эзэмшдэг юм байна. Пүрэв гаригт тэрээр 20 минутын турш хувийнхаа хуульчийн зүгээс тавьсан асуултуудад хариулж, санхүүгийнхээ талаар мэдүүлэг өгсөн байна. Тэрээр түүний санхүүг нөхөр Инаки Урдангарин нь хариуцдаг тул хэзээ ч энэ талаар асууж байгаагүй гэсэн байна. Үүнийхээ шалтгааныг тайлбарлахдаа нөхрийнх нь удирддаг тэрхүү компаний бизнесийн үйл ажиллагаа нь түүний сонирхлыг хэзээ ч татаж байгаагүй гээд тухайн үед хүүхдүүд нь нялх байсан тул санхүүгийн асуудалд анхаарал хандуулах зав байгаагүй гэжээ. Мөн "нөхөр маань манай гэр бүлийн төлбөр, тооцоог хариуцдаг, би огт оролцоогүй" хэмээн нэмж хэлсэн байна. Хэргийн талаар тодруулбал, Инаки Урдангарин нь өөрийнхөө хуучин цол хэргэм болох Пальмагийн гүн хэмээх нэрийг ашиглан 6 сая орчим еврог Ноос Институт хэмээх ашгийн бус байгууллагад хандивлах маягаар завшсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Шүүхээс хэргийн эцсийн шийд гарах хүртэл гүнж Кристинаг дахиж шүүхэд дуудахгүй гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)