АНУ тэргүүтэй холбоотон улс орнуудын санаачилснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгос улсын эсрэг 20 жилд байгаагүй хатуу чанга хориг тавихаар болсон юм. Үүнийг эсэргүүцэж Хойд Солонгос улс өчигдөр өглөө 6 удаа ойрын зайд тэнгисийн усанд гал нээсэн бол өнөөдөр өглөө байлдааны бэлэн байдал зарласан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна.
Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун гадныхны өдөөн хатгалтын эсрэг аль ч үед цөмийн зэвсэг бэлэн байдалд байх ёстой гэжээ. Энэ нь цөмийн зэвсэгтэй хошуунуудаа цэнэглэж байлдааны бэлэн байдалд орсон гэсэн үг юм. Залуу удирдагч "АНУ дайныг уриалж, бусад улс оронд, ард иргэдэд гай гамшиг тарьж байгаа хүнд цаг үед бид өөрсдийн бие даасан байдал, амьд явах эрхээ хамгаалахын тулд цөмийн хүчин чадлаа сайжруулахаас өөр аргагүй байна" хэмээн цэргийн сургуулилалт дээр хэлсэн байна.
Хойд Солонгосын энэ үйлдлийг хөрш зэргэлдээх улс орнууд нь төдийгүй АНУ сайшаахгүй нь гарцаагүй. Өмнөд Солонгос улсын зүгээс Умардыг түрэмгий загналаа хэмээн шүүмжилж, өдөөн хатгасан энэ үйлдэл нь Солонгосын хойгийн харилцаа болоод Хойд Солонгос улсад ямар ч ашиггүй гэсэн байна. Харин Япон улсын Батлан хамгаалах үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй Хойд Солонгосын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэжээ. АНУ-ын Төрийн департаментын зүгээс Хойд Солонгос улс НҮБ-ын тогтоолыг зөрчсөн нь баттай учраас хориг арга хэмжээг албадан хэрэгжүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна.
Өнөөдөр АНУ, Өмнөд Солонгос улсууд уулзалт хэлэлцээр хийлээ. Тэд Өмнөдийн нутаг дэвсгэрт АНУ-ын хамгаалагч пуужингуудыг тараан байршуулах талаар хэлэлцсэн байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (14)