Өнөөдрөөс эхлэн Шинэ Зеланд улсын 4,5 сая иргэн төрийн далбаагаа шинэчлэх эсэхийг шийдэх 2 дахь шатны бүх нийтийн санал хураалтанд оролцож байна. Иргэдийн саналыг шуудангаар авч байгаа бөгөөд энэ сарын 24-ний өдөр хүртэл санал хүлээж авах юм.
Одоо байгаа төрийн далбаан дээр багахан өөрчлөлт хийж Их Британий нэгдсэн төрийн далбааны хэсгийг ойм ургамлын мөчрөөр солих гэж байна. Гэхдээ бүх нийтийн санал хураалтын дараа солих эсэхийг шийдэх юм. Шүүмжлэгчдийн зүгээс шуудангаар санал хураах нь шалихгүй зүйлд их мөнгө зарцуулж байгаагаас гадна тийм ч чухал өөрчлөлт биш гэж үзэж байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кий одоо байгаа төрийн далбаа Австрали улсын төрийн далбаанаас ялгагдахгүй байна гэж үзжээ. Тиймээс төрийн далбаагаа өөрчилж шинэчлэх саналыг дэмжсэн байна. Хэрэв Шинэ Зеландын төрийн далбаа өөрчлөгдвөл хар, цагаан, цэнхэр гэсэн үндсэн 3 өнгөнөөс бүрдэж, Нэгдсэн төрийн далбааны бэлгэ тэмдгийн оронд мөнгөн оймны мөчрийг байрлуулах юм.
*Өнгөрсөн оны 12 дугаар сард Шинэ Зеландад бүх нийтийн санал хураалтын эхний ээлж явагдсан. Үүгээр саналаа өгсөн иргэд 5 өөр загвараас ойм ургамлын мөчиртэй шинэ төрийн далбааны загварыг сонгосон байна. Хамгийн анх төрийн далбааны өнгө загварыг өөрчлөх яриа гарснаас хойш 10,000 ширхэг загварын санал гарчээ. Энэ дундаас Кайл Локвудын загвар шалгарч үлдсэн байна.
Олон улсын хэмжээнд Шинэ Зеланд улсыг тодорхойлж байгаа төрийн далбааг 1902 оноос хойш хэрэглэж байна. Австралийн төрийн далбаанаас ялгаатай нь гэвэл Австрали улсын төрийн далбаа 6 одтой байдаг бол Шинэ Зеланд улсынх 4 одтой юм. Ерөнхий сайд Жон Кий ард иргэдээ санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалахдаа бид бүгд улс орныхоо ирээдүйд өөрчлөлт хийх сүүлчийн боломж гэжээ.
Хэрэв энэ удаагийн санал хураалтаар төрийн далбаагаа сольж чадахгүй бол Шинэ Зеланд улс Бүгд найрамдах улс гэсэн статустай болох хүртлээ дахин өөрчлөлт хийх боломж гарч ирэхгүй гэдгийг сануулж байна. Нөгөө талаар бүх нийтийн саналыг сонсож төрийн далбаагаа өөрчилж буй анхны тохиолдол юм. Дэлхийн бусад улс орнууд хууль тогтоомж, зарлиг тушаал аль эсвэл хувьсгалын дараа төрийн далбаагаа өөрчилж иржээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/