МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэхээр болжээ. Тэд малчдад туслах зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран энэ аяныг өрнүүлж буй талаараа өнөөдөр мэдээллээ.
Тус аяны хүрээнд, уран бүтээлчид 21 аймаг, бүх сумдад “Илгээлтийн эзэд” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх аж.
Энэ талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авч ирээрэй. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээв.
Тэдний 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх аж.