Индонезийн далайн эргийн ойролцоо 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын газарзүй судлалын газраас мэдэгдсэн. Газар хөдлөлтийн голомт Суматрагийн далайн эргийн Паданг хотоос 805 км-т, далайн гүний 25 км-т бүртгэгдсэн байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас ноцтой аюул гамшиг учирсан гэх мэдээлэл ирээгүй байгаа юм.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 19 цаг 49 минутанд газар хөдөлсөн гэж үзэж байна. Газар хөдөлсний дараа цунамийн аюул нүүрлэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлээд байсан ч ямар нэг хүчтэй далайн давалгаа ажиглагдсангүй. Австралийн Цаг уур судлалын товчооноос газар хөдлөлтийн голомттой ойролцоох арлуудад цунамийн сэрэмжлүүлэг өгсөн байсан юм. Гэсэн ч өнгөрсөн шөнө 11 цаг гэхэд цунамийн аюулын дохиог бүрэн унтраасан байна.
Индонези улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Хамгийн сүүлд 2 дугаар сарын 12-ны өдөр Пула Сумба арлын орчимд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тохиолдол бүртгэгдсн байна. 2004 онд 9,1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Энэтхэг, Шри Ланка, Индонези, Тайланд, Малайз, Сомали, Кени, Танзани, Бангладеш улсуудад асар их хэмжээний гарз хохирол учирч 225,000 хүн амиа алдсан юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/