Сири улсын нутаг дэвсгэрт гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн 7 хоногийн баасан гаригийн шөнө дундаас хэрэгжиж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн гал зогсоох хэлэлцээр санаснаас илүү үр дүнтэй хэрэгжиж байна гэдгийг ажиглагчид хэлж байна. Сирид иргэний дайн эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд анх удаа зэвсэгт мөргөлдөөн мэдэгдэхүйц хэмжээнд буурсныг эх сурвалж онцоллоо.
Олон улсын сэтгүүлч сурвалжлагчид Сирийн нутаг дэвсгэрт нэвтэрч бодит байдалтай танилцах боломжийг олгож байна. Мөн хүмүүнлэгийн тусламжууд зорьсон газартаа хүргэгдэж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалахын мэдэгдсэнээр Оросын Засгийн газар Сирийн Засгийн газрын мэдэлд байгаа бүс нутгуудад 580 тн хүнс тэжээлийн тусламж хүргэжээ. Оросын Засгийн газар Сирийн эрх баригчидтай ойрын холбоотон учраас гал зогсоох хэлэлцээрийг зуучлахад тун чухал үүрэг оролцоотой юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт харьцангуй сайн байгаа ч бүрмөсөн зэвсэгт мөргөлдөөн намжсан гэсэн үг биш юм. Оросын Батлан хамгаалахын мэдээгээр 24 цагийн хугацаанд 15 удаа гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөн байна. Тухайлбал Кинсиббад сэтгүүлчдийг очих үед дэлбэрэлт болжээ.
НҮБ-ын хувьд ч хэд хэдэн удаа гал нээснийг эс тооцвол Сирийн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж чадаж байна гэж үзэж байна. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн Мадридад зочлох үеэрээ энэ тухай ярьжээ. Энэ 7 хоногт багтаж багадаа л 140,000 иргэнд хүмүүнлэгийн тусламж нэн даруй хүргэх шаардлагатай байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/