Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаа эдгээр өдрүүдэд эрчимтэй явагдаж байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид дунд Дональд Трамп хамгийн олон мужид буюу 6 мужид ялалт байгуулаад байгаа юм. Харин Ардчилсан намын нэр дэвшигчдээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан төдийгүй тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 7 мужид ялснаар бусдыгаа тэргүүлж байна.
Бүгд Найрамдах намын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол яах аргагүй Дональд Трамп болон Тед Крюз, Марко Рубио нар юм. Тед Крюз "Дональд Трампын шил дараалсан ялалтыг зогсоож чадах цорын ганц хүн бол би" хэмээн зарлаад байна. Ардчилсан нам дотор хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь Хиллари Клинтон, Берни Сандерс нар юм.
Алабама, Жиоржиа, Теннесси, Виржиниа мужуудад Клинтон, Трамп нар ялалт байгуулжээ. Харин Техас, Оклахома мужуудад Бүгд Найрамдах намаас Тед Крюз ялсан байна. Ардилсан намын өрсөлдөгч Берни Сандерс төрөлх нутаг Вермонт, Оклахома, Миннесота гэсэн 3 мужид ялалт байгуулжээ.
Өнгөрөгч мягмар гариг бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны үеэр хамгийн олон мужид санал хураалт явагдсан өдөр юм. Тодруулбал нэг өдрийн дотор 11 мужид санал хураалт болсон байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/