Дипломат паспорттай иргэд богино хугацаанд визгүй зорчих БНХАУ болон Европын Холбооны хоорондох хэлэлцээрт 2-р сарын 29-ний өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо талууд гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу Хятад улс болон Европын Холбооны дипломат паспорттай иргэд нөгөө талдаа 180 хоног тутамд, хамгийн уртдаа 90 хоногоос хэтрэхгүйгээр визгүй зорчих боломжтой болж байгаа юм. Уг хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Хятад, Европын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын ард түмэнд улам их ач тусаа өгөх болно гэж талууд харж байгаа юм. Ялангуяа ирээдүйд хоёр талын худалдаа, аялал жуулчлал, оюутнуудын визийг хялбарчлан, зорчих иргэдийн солилцоог ахиулан, хоёр талын иргэд хоорондын харилцааны үндэс суурийг бэхжүүлэх эхлэл боллоо хэмээн үзэж байна. 2015 онд болсон Хятад, Европын удирдагчдын 17-р уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу дипломат паспорттай иргэдийн визгүй зорчих хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсоны дараагаар ийнхүү хоёр тал гэрээг байгуулаад байна. Гэрээнд гарын үсэг зурснаас 3 хоногийн дараа гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар 120 сая хятадын иргэд гадаад улс оронд жуулчилснаас Европ руу 2.5 сая хятад хүн жуулчилсан гэсэн тоо баримт гарчээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/