2016 оны 1 дүгээр сард Умард Солонгос улсад баривчлагдан, одоог хүртэл саатуулагдаж байгаа АНУ-ын иргэн болох Отто Вармбиер хэмээх оюутныг тус улсын эрх баригчид даваа гаригт анх удаагаа хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Виржиниагийн Их Сургуулийн оюутан Отто Вармбиерийг байрлаж байсан зочид буудлынхаа ажилчдын өрөөнөөс Умард Солонгос улсын улс төрийн уриа үг бүхий самбарыг хулгайлан, нутаг руугаа авч явах гэж байсан гэсэн хэрэгт буруутган баривчилсан юм. Умард Солонгос улсын зүгээс түүнийг тус улсын эсрэг дайсагнасан ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа юм. Энэ үеэр 21 настай Отто Вармбиер өөрийнхөө хийсэн үйлдлийг буруу гэдгийг ойлгож, хийсэн хэрэгтээ уучлалт гуйсан байна. Өмнө нь мөн Умард Солонгост ижил төрлийн хэрэгт буруутгагдан хоригдож байсан гадны иргэд хэлэхдээ тэднийг хэвлэл, мэдээллийнхний өмнө юу гэж хэлэхийг нь зааж өгөн, мөн хийсэн хэрэгтээ буруугаа хүлээж, уучлалт гуйхыг тулган шаардаж байсан гэжээ. Даваа гаригт энэхүү асуудлаар АНУ-ын Төрийн Департментаас мэдэгдэл хийсэн юм. Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ "хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн аюулгүй байдал болон тэдэнд үзүүлэх халамжаас илүү зүйл гэж үгүй, Умард Солонгос улсад баривчлагдсан АНУ-ын ард иргэдийн асуудлаар бид тус улсад байрлах Шведийн ЭСЯ-тай хамтарч ажилладаг" гээд мөн Умард Солонгос улсыг иймэрхүү баривчилгааг ашиглан суртал ухуулга хийдэг байж магадгүй гэсэн эргэлзээ байгаа хэмээн хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)