АНУ-ын Сансар судлалын агентлагаас онгоц үйлдвэрлэгч Локхид Мартин компанитай хамтран ажиллах гэрээг байгуулснаа даваа гаригт албан ёсоор зарлалаа. 20 сая ам.долларын өртөг бүхий энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь дуунаас хурдан зорчигч тээврийн онгоцны загварыг урьдчилсан байдлаар бүтээхэд оршиж байгаа юм байна. Уг онгоцыг QueSST буюу Quiet Supersonic Technology хэмээх орчин үеийн технологийг ашиглан бүтээхээр болсон байна. Мөн энэхүү төсөл нь НАСА-ийн иргэний агаарын тээврийн салбарт цоо шинэ онгоцуудыг бүтээх зорилго бүхий New Aviation Horizons хэмээх санаачлагад багтах "X-planes" цувралын анхны загвар болох юм байна.
НАСА-ийн зүгээс "байгальд ээлтэйгээс гадна аюулгүй, мөн дуу чимээ багатайгаар зорьсон газартаа хурдан хугацаанд хүрэх" тийм л онгоцыг бүтээхийг зорьж байгаа талаар тус агентлагийн зохицуулагч Чарльз Болден даваа гаригт Виржиниа мужийн Арлингтон хотод мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна. НАСА-ийн мэргэжилтнүүд шинэ загварын онгоц бүтээх төсөлд Локхид компаний инженерүүдтэй хамтран, тус компаний Калифорни мужийн Палмдэйл хотод байрлах нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байгаа юм байна. НАСА-ийн зүгээс дуунаас хурдан онгоц бүтээх төслийг ойрын хэдэн жилийн дотор дуусгаж, 2020 оноос эхлэн анхны нислэгүүдээ үйлдэж эхлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэсэн байна. Гэхдээ уг төлөвлөгөөнд санхүүжилтээс шалтгаалан өөрчлөлт орж болзошгүй гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/