ХБНГУ тэргүүтэй Европын холбоо хэдэн мянган цагаачдыг тооцоо судалгаагүйгээр хүлээн авч, Евро группыг туйлдуулж байгаатай холбоотойгоор Пегида хөдөлгөөнийхөн жагсаж, Ангела Меркелийг суудлаасаа буухыг шаардсан байна. Европт ирж байгаа дүрвэгсэд голцуу Исламын шашинтай байгаа нь тус хөдөлгөөнийхөний дургүйцлийг улам ихээр төрүүлж байгаа юм. Пегида хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид "Барууныг Исламын соёлд уусгахын эсрэг" гэсэн уриаг дэвшүүлсэн бөгөөд "Үндсэрхэг нэгдмэл Европын холбоог байгуулна" гэсэн зорилтыг урдаа тавьсан юм.
Ердөө 2 жилийн өмнө байгуулагдсан ч Пегида асар олон дэмжигчидтэй болж чадаад байна. Европын холбооны баримталж буй цагаачлалын талаархи бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа тус хөдөлгөөнийхөн яг энэ үзэл баримтлалаараа олон зуун Европчуудын талархал, дэмжлэгийг хүлээх болсон.
Пегида хөдөлгөөнийхөн сүүлийн нэг жилийн турш цагаачлалын асуудалтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/