Унгар улсад 2000 гаруй хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдлаа. Жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байсан бөгөөд жагсаалыг Унгарын сөрөг хүчнийхэн санаачлан, эхлүүлсэн байна.
Эсэргүүцлээ илэрхийлж нэгдсэн иргэд Унгарын Ерөнхий сайдыг буруу бодлого баримтлан, Унгар улсыг Европын холбооноос зааглаж, таслаж байна хэмээн шүүмжилж байсан юм.
Унгарын Ерөнхий сайд хилийн хамгаалалтаа чангатгах үүргийг Батлан хамгаалахын болоод Дотоод хэргийн сайддаа өгсөн юм. Улмаар хилийн шугамын дагуу нэмэлт хашлага, хамгаалалт босгож, Румынтэй хиллэдэг хэсгээ онцгойлон бэхлэж эхэлсэн байна. Энэ нь олон тооны цагаач иргэн хяналтгүйгээр хил нэвтрэхээс сэргийлж буй арга хэмжээ гэдгийг эрх баригчид нь тайлбарлаж байгаа ч сөрөг хүчнийхэн өөр байр суурьтай байна.
Европын холбоо оршин тогтнох нэг нөхцөл нь нэгдмэл хил болохыг жагсагчид хэлж байгаа юм. Унгар улсын хувьд өнгөрсөн жилээс хилийн хамгаалалтаа чангатгах арга хэмжээг авч эхэлсэн юм.
Унгарын Ерөнхий сайд Герман тэргүүтэй Европын холбооны улсуудын баримталж байгаа цагаачлалын талаархи бодлогыг эрс шүүмжилж, олон мянган цагаачдыг ямар ч тооцоогүйгээр хүлээн авсанд нь бухимдалтай хандаж байгаа юм. Тиймээс ч дүрвэгсдийг хүлээн авах асуудал дээр цааргалангуй хандлагатай байж ирсэн.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)