Лос Анжелесын Долби театрт дөнгөж саяхан болж өнгөрсөн Кино академийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны өмнө Холливудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид энэ удаад 2 дахь жилдээ Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшигчдийн дунд өнгөт арьст жүжигчид багтаагүй гэдгийг онцлон буруутгаж байна. Энэ явдал өнгөрсөн жил ч мөн давтагдсан юм.
Энэ удаад жагсаалыг АНУ-ын нэрт хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрч, Баптист сүмийн номлогч төдийгүй телевизийн шоу хөтлөгч 61 настай Аль Шарптон болоод түүний үүсгэн байгуулсан хүний эрхийг хамгаалах байгууллага санаачлан зохион байгуулсан байна. Тэд Долби театрын орчимд жагсаал хийж үзэгчид болон шагнал гардуулах ёслолд уригдсан зочдыг театр луу орохгүй байхыг уриалжээ.
АНУ-ын Кино Академи өнгөт арьстнуудад дахин шударга бус хандсан тул энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд жүжигчин Уиль Смит, түүний гэргий Жада Пинкет Смит, найруулагч Спайк Ли нар оролцохоос татгалзсан байна. Гэхдээ 88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолыг өнгөт арьст инээдмийн жүжигчин Крис Рок хөтөлсөн. Ёслолын арга хэмжээг нээхдээ хөтлөгч Крис Рок Холливудад болсон жагсаалын талаар даажигнаад амжсан байна. Тэрээр "Яагаад заавал 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг эсэргүүцэж байгаа юм бэ? Өнгөт арьстай эрэгтэй жүжигчид нэр дэвшээгүй гэж тэр үү? Гэхдээ өмнө нь маш олон удаа ийм тохиолдол гарч байсан, гэхдээ хэн ч эсэргүүцэж байгаагүй шүү дээ" гэж хэлжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/