АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй Меркер хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн компани 18 дахь жилдээ гадны иргэд хөдөлмөрлөж, цагаачлан тогтмол оршин суухад хамгийн тохиромжтой хотыг нэрлэжээ.
Энэ жил судалгааны дүнг Австри улсын нийслэл Вена хот тэргүүлсэн байна. Вена хот бүхий л шалгуураараа гадны иргэд сурч хөдөлмөрлөхөд хамгийн таатай хотоор нэрлэгджээ.
Нью-Йорк, Лондон, Парис, Хонконг, Дубай зэрэг олон улсын хэмжээний томоохон хотууд гадны иргэдэд ээлтэй хотуудын жагсаалтын эхний 20 -д ч багтаагүй байна. Вена хотын араас Швейцарийн Цюрих, Германы Мюнхен хотууд толгой дарааллан бичигджээ. Хэдийгээр цагаачдын асуудал, эдийн засгийн таагүй байдал, аюулгүй байдлын хувьд ээдрээтэй байгаа ч энэ жил жагсаалтад Европын орнууд давамгайлан бичигдсэн байна.
Мөн Канад улсын Ванкувер, Шинэ Зеландын Окленд хотууд гадны иргэд тогтмол оршин суухад хамгийн тохиромжтой хотуудын тоонд багтжээ.
Эх сурвалж: UBS.MN