Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм.
Хүүхэд 3 нас хүрэхэд сүүн шүд нь шүдэлж доороо 10, дээрээ 10 шүдтэй болсон байдаг.
Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ?
• Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвддөг
• Цоорсон сүүн шүдийг авахад араанууд нь урагшаагаа түрж ургах ба ясан шүд ургах зай багасах бөгөөд байнгын шүд \ясан шүд нь\ далий мурий, давхар үзэмж муутай ургадаг байна.
• Өвдөж цоорсон сүүн шүд нь ясан шүдний ургалтанд муугаар нөлөөлөх ба байнгын шүдийг гэтээж өвчилүүлдэг байна.
• Цоорсон сүүн шүд нь маш их бактеритай байдаг тул ясан шүдэнд халдварладаг байна.
• Мөн түүнчлэн шүд өвчилсний улмаас хүүхдийн шүдийг авснаас болж зарим үгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг
• Шүдний буруу гаж хөгжилөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаварууд гардаг байна.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас зөв зүйтэй арчлах нь чухал юм.
Сүүн шүдийг цоорлоос хамгаалах
• Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд цоорлын нянг халдваруулдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьдаг байна.
• Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн шүд цоорход нөлөөлдөг байна. Хэрвээ хүүхдэд чихэр өгөх бол хоолны дараа өгөх нь тустай байдаг. Чихэр печень зэрэг чихэрлэг болон зөөлөн хоол хүнс хүүхдэд идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж шүдэнд илүү их нян бактери хуримтлагдаж үржих таатай орчинг бүрдүүлдэг байна.
• Ер нь хүүхдэд гадаад дотоодын болсон болоогүй чихэр шоколад өгч байхаар монголынхоо цагаан идээ тараг сүүг өгч байх нь хэрэгтэй ба цагаан идээг чихэргүй идүүлж сургах чухал юм.
• Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчнинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгаралыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
Хүүхдийн шүдийг угаах
• Хүүхдийн шүдийг 6 настай хүртэл та өөрөө угааж өгөх хэрэгтэй. 6-8 нас хүртэл түүнийг шүдээ угаахад туслах хэрэгтэй бөгөөд 9 настайгаас нь эхлээд хүүхдийн шүдийг бие даан угаалгаж сургах хэрэгтэй.
• Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах хэрэгтэй
• Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаах хэрэгтэй
• Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй
• Хүүхдийн шүдний сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал
• Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжилийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.
• Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.