2016 он гарснаас хойш Умард Солонгос улс удаа дарааллан цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилт хийсэн учраас АНУ Умардын ойрын холбоотон БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хориг арга хэмжээг чангатгахаар болсон тухай мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ удаад НҮБ дахь АНУ-ын элчин сайд Саманта Пауэр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлд танилцууллаа. Хориг арга хэмжээг НҮБ-ын тогтоолоор хэрэгжүүлэх эсэхийг энэ амралтын өдрүүдэд санал хурааж шийдэх юм. Саманта Пауэрын хэлснээр энэ удаад авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ Умард Солонгос руу зэвсэг нийлүүлдэг том жижиг бүх гарцыг хааж, 20 гаруй жилийн турш авч хэрэгжүүлээгүй хатуу чанга хориг байх болно гэжээ.
АНУ Умард Солонгос улсын явуулж буй пуужингийн туршилтуудыг болиулахын тулд тус улс руу нисэх онгоцны түлш шатахуун нийлүүлэхгүй байх саналыг ч Аюулгүйн зөвлөлд тавьж байгаа юм. БНХАУ-ын хувьд Хойд Солонгосын ойрын холбоотон ч энэ удаад Умардынхныг шүүмжилсэн байр суурьтай байна. Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувь нь БНХАУ-тай хийгддэг. Гэсэн ч Хятад нь НҮБ-ын гишүүн орон учраас хориг батлагдвал дахин бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/