Мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дундах Невада мужийн сунгаа явагдаж, дүнгээ гаргалаа. Невадаа мужийн сунгаанд нэр дэвшигч, бизнесмен Дональд Трамп 43.9 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Ийнхүү Дональд Трамп АНУ-ын баруун, өмнөд болон зүүн хойд хэсгүүдэд дараалсан гурван ялалтыг байгуулаад байна. Тэрээр дүн гарсны дараагаар Невада мужийн нийслэл Лас Вегас хотноо дэмжигчдийнхээ өмнө гарч ирэн, үг хэлсэн байна. Тэрээр "Бид Невада мужид хайртай, маш их хайртай, баярлалаа та бүхэнд. Баярлалаа Невада. Невада бол маш сайхан газар. Та бүхэнд үнэхээр их баярлалаа, гайхамшигтай үдэш байлаа. Бид бүхэн энэ үдшийг тэмдэглэх болно. Та бүхэн мэдэж байгаа, хэдхэн сарын өмнө өнөөдрийн энэхүү ялалтыг бид төсөөлөөчгүй явж байсан, тийм биз дээ. Бид төсөөлөөгүй ээ. Харин одоо бид ялсаар байна" гэжээ.
Невада мужид явагдсан Бүгд Найрамдахчуудын Намын сунгаанд нэр дэвшигч Тед Круз 23.5 хувь, харин Марко Рубио 23.1 хувийн саналыг тус тус авч удаалсан байна. Нэр дэвшигч Тед Круз Дональд Трампд баяр хүргэсэн байна. Тэрээр үүний өмнө явагдсан Өмнөд Каролинагийн сунгаанд ч мөн амжилтгүй дүн үзүүлж, гуравдугаарт жагссан билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/