Австрали улсын Засгийн газрын тэргүүн Малкольм Тернбаллын өнөөдөр мэдэгдсэнээр тус улс Батлан Хамгаалах салбарын зардлаа нэмэхээр болсон байна. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг тогтвортой хамгаалах зорилготой юм. Нөгөө талаар Австрали улс бүс нутаг дахь цэрэг армийн хүч оролцоогоо бататгаж байна.
2016 оны Батлан Хамгаалахын Цагаан номонд Австрали улс цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлэх удаан хугацааны төлөвлөгөөгөө ирэх 20 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Тэр дундаа тэнгисийн цэргийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж агаараас сөнөөгч онгоц 3, шумбагч онгоц эсэргүүцэгч 3, харуулын усан онгоц 12-ыг нэмж худалдаж авахаар болсон байна.
2026 он хүртэл эхний 10 жилийн хугацаанд цэрэг армийн төсвийг 29,9 тэрбум австрали доллараар нэмэх юм. Харин 2021 он гэхэд Австрали улсын ДНБ-нд батлан хамгаалахын зардал 2 хувиар нэмэгдэх юм байна. Мөн Цагаан номонд бичсэнээр армийн албан хаагчдын тоог 2,500-аар нэмж Австрали улсын Батлан хамгаалах хүчин нийтдээ 62,400 болох юм. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан улам бүр ээдрээтэй болж, Хятадын Батлан хамгаалах хүчин өсөн нэмэгдсээр байгаа энэ үед Австрали улс ч мөн өөрийн байр сууриа ийнхүү бататгаж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/