Латин Америк болон Карибийн тэнгисийн улсуудад Зика вирусын халдвар газар авсаар байна. Венесуэл улсад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэдгийг ДЭМБ мэдээлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үе үе бий болдог Венесуэл улс Зика вирусын халдвар авсан иргэдээ хэрхэн эм бэлдмэлээр хангахаа мэдэхгүйд хүрч байна. Үүнээс гадна шумуулны хорыг их хэмжээгээр худалдан авах шаардлагатай болоод байгаа юм. Зика вирусын халдвар нь хэд хэдэн төрлийн өвчин эмгэгийг үүсгэдэг бөгөөд эдгээрийг анагаах бараг боломжгүй аж. Тодруулбал энэ өвчин ургийн гажиг үүсгэдэг бөгөөд ургийн тархины хөгжлийг зогсоодог байна. Үүнээс гадна энэ вирусын халдвар Гийена-Барре хам шинж өвчин буюу саажих өвчнийг үүсгэж байгаа юм. Энэ нь Латин Америкийн улс орнуудын эрүүл мэндийн салбарынханд маш том дарамт болж байна. Венесуэл улсад эдгээр өвчний эсрэг үйлчилгээ бүхий эм бэлдмэлийн нөөц огт байхгүй учраас урьдчилан сэргийлэхэд л анхаарахаас өөр аргагүйд хүрч байна.Судлаачдын мэдээлж байгаагаар Гийена-Барре хам шинж өвчний тохиолдол нилээд ховор байдаг бөгөөд Зика вирусын халдвар шууд энэ эмгэгт хүргэж байгаа нь маш том аюул гэдгийг анхааруулсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/