Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр явагдсан далайн хар салхины улмаас Фижи улсад одоогийн байдлаар 29 хүн амь үрэгдсэн талаар тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдлээ. Эдгээрээс 10 нь тус улсын Коро хэмээх жижиг арлын оршин суугчид байсан бөгөөд тус арал дээрх олон тооны барилга байшингууд эвдэрч сүйдсэн талаар мэдээлсэн байна. Гамшигт өртсөн арлын бусад 4500 орчим оршин суугчдад тусламж үзүүлэхээр 30 хүний бүрэлдэхүүнтэй баг эм бэлдмэл, хоол хүнс, цэвэр ус зэргийг хүргэхийн сацуу түр орогнох байруудыг барьж эхэлсэн талаар засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мөн мэдээллээ. Фижи улсыг дайраад өнгөрсөн Винстон далайн хар салхины хурд дээд тал нь цагт 285 км хүрсэн нь тус улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй дээд хэмжээг тогтоосон байна. Өнөөдөр мөн тус улсын гол арал болох Вити Леву арлын оршин суугчдад тусламжийн хоол хүнс болон бусад эд зүйлсийг хүргээд байна. Гамшигт өртсөн бусад алслагдмал, жижиг арлуудад тусламж хүргэх асуудал тус улсын засгийн газрын эн тэргүүний асуудал болоод байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/