Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Нието АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод болж байгаа эрчим хүчний бага хуралд оролцох үеэрээ Мексик улс ирэх 4 дүгээр сараас эхлэн газрын тосны зах зээлийг нээхээр болсныг зарлалаа. Даваа гаригт хийсэн энэхүү мэдэгдлийн үеэр тэрээр ирэх 4 дүгээр сараас эхлэн тус улсад бензин болон дизель түлш импортлох гадны компаниудтай хамтран ажиллаж эхлэнэ хэмээн хэлсэн байна. Ингэснээр тус улс дахь нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшид эерэгээр нөлөөлөх болно гээд мөн хувийн хэвшлийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, газрын тосны салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох сайн талтай юм гэжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад газрын тос олборлох, боловсруулах болон худалдаалах чиглэлээр төрийн өмчит Петролеос Мексиканос буюу Пемекс хэмээх цорын ганц компани энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/