ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даваа гаригт АНУ-тай хамтран хүлээн зөвшөөрсөн Сирийн гал зогсоох төлөвлөгөө нь цус урсгасан энэхүү дайныг төгсгөх боломж байлаа хэмээн хэлсэн байна. Тэрээр өчигдөр гал зогсоох гэрээг байгуулсан талаар Оросын телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ хоёр талаас энэ асуудлаар нилээд гүнзгий ярилцаж, ажилласны үндсэн дээр энэхүү тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ гэрээ нь дэлхий нийтэд терроризмын аюулын эсрэг тэмцлийн үлгэр жишээ болох ёстой юм гэсэн байна.
В.Путин "Сирийн орон нутгийн цагаар 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагаас өмнө гэхэд Сири улсад дайтаж байгаа бүх бүлэглэлүүд бидэнд болон АНУ-ын талд гал зогсоох гэрээг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа гэдгээ мэдэгдэх ёстой. ОХУ болон АНУ-ын албаныхан хамтарч тэдгээр дайтаж байгаа бүлгүүдийн газар нутаг, хил хязгаарыг газрын зураг дээр тогтоож өгөх болно. Тэдний эсрэг чиглэсэн цэрэг, дайны үйл ажиллагааг Сирийн Арабын БНУ, ОХУ-ын зэвсэгт хүчин болон АНУ-ын тэргүүлсэн эвслийнхний зүгээс явуулахгүй" гэлээ. В.Путин цааш нь Москвагийн зүгээс Сирийн засгийн газартай хамтарч ажиллах болно гэсэн байна. Оросын зүгээс АНУ-ын хувьд Сирийн сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллана гэж харж байгаа гэдгийг В.Путин дурьдсан байна. Энэ долоо хоногийн төгсгөлд хүчин төгөлдөр үйлилж эхлэх гэрээг Сирийн эрх баригч засгийн газар болон босогч талууд хүлээн зөвшөөрөх ёстой болоод байгаа юм. Энэхүү гал зогсоох гэрээнд Исламын Улс бүлэглэл, Аль-Кайдатай холбоо бүхий Нусра Фронт болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж тодорхойлсон жагсаалтад багтсан зэвсэгт бүлэглэлүүдийг багтаагаагүй байна.
/UBS/