Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот усны нийт хэрэгцээнийхээ 60 хувийг зэргэлдээх муж, хотуудаас татаж нийлүүлдэг байна. Харьяна мужид гарсан бослогын үеэр нийслэл хот руу ус ханган нийлүүлдэг шугам эвдэрч, хотын захиргаа усны хэрэгцээгээ хязгаарлахад хүрчээ. Усны хомсдол үүссэн учраас сургуулиудын үйл ажиллагааг түр завсарласан байна.
Харьяна мужийн Жат газар тариалан эрхлэгчдийн дүүрэгт өнгөрсөн 7 хоногт ширүүн мөргөлдөөн гарсан юм. Дүүргийн оршин суугчид холбооны эрх баригчид болон Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулсан байна. Жагсаал даамжирч цуст мөргөлдөөнөөр үргэлжилж 10 гаруй хүн амиа алдаж, 150 гаруй жагсагч шархдаад байна.
Олон хоног үргэлжилсэн жагсаалын үеэр дүүргийн оршин суугчид бэлэн мөнгөний машин, банкуудын үйлчилгээний төв цэгүүдийг галдан шатааж, Мунакын сувгаар Шинэ Дели хотод ус ханган нийлүүлдэг гол шугамыг эвдсэн байна. Үүний улмаас Шинэ Дели хот усны хэрэгцээгээ бие даан хангаж чадахаа больж, өнөөдрөөс сургууль цэцэрлэгүүдийг түр хаан иргэдэд ус тарааж эхэлжээ. Хагас цэрэгжсэн аюулгүйн албаныхан болоод инженерүүд шугамыг сэргээн засварлахаар ажиллаж байна.
Ням гаригт Энэтхэгийн эрх баригчид Харьяна мужийн Жат дүүргийн босогчдын шаардлагыг хүлээн авч Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажлын байраар хангах квот гаргасан байна. Ингэснээр байдал харьцангуй намжаад байгаа юм. Жат дүүргийн оршин суугчдыг амьжиргааны түвшин дээгүүр учраас Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь тэдний уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн юм.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/