Боливи улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгч 2 удаа сонгогдож төрийн эрх барих эрхтэй байдаг. Гэвч өнөөгийн төрийн тэргүүн Эво Моралес 3 дахиа сонгогдож Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэгвэл 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Эво Моралес дахин өрсөлдөх боломжтой эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалт явагдлаа.
Ням гаригт явагдсан санал хураалтаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх юм. Урьдчилсан дүн мэдээгээр Боливийн ард түмэн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч Моралесыг дахин 5 жил төрийн эрх барих шаардлагагүй гэж үзжээ.
Эво Моралес одоогоор 3 дахь 5 жилдээ Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. Бүрэн эрхийн хугацаа нь 2020 онд дуусах юм. Хэрэв Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж чадвал 2025 он хүртэл төрийн эрх барих боломжтой болох юм.
Бүх нийтийн санал хураалтын саналын хуудсыг тоолох явц урьд өмнөхөөс илүү удаан байгаа учраас албан ёсны дүн мэдээ эцэслэн гараагүй байна. Гэхдээ саналын хуудасны 60 хувийг тоолсон байдлаар "үгүй" гэсэн хариулт давамгайлжээ. Ипсос Апойогийн санал хураах төвөөс ирсэн мэдээллээр иргэдийн 52 хувь үгүй гэж хариулсан бол үлдсэн 48 хувь нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)