Нилээд эртнээс Евро бүсэд байх эсэхдээ эргэлзэж эхэлсэн Их Британи цаашдаа энэ нэгдэлд байх үгүйгээ тун удахгүй шийдэх гэж байна. Их Британийг Евро группт үлдээхийн тулд Европын холбоо тавьсан бүхий л шаардлагыг нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Их Британий ард түмэн өөрсдөө гаргахаар болж байна.
Их Британий Ерөнхий сайд өнгөрсөн Баасан гаригт Европын холбооны өндөр дээд албан тушаалтнуудтай хэлэлцээ хийж, улмаар ирэх 6-р сард бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулахаар болсон байна. Девид Камерон гаргасан шийдвэр бүрээ улс орныхоо эрх ашигт нийцүүлэхээр зорьж байгаа гэдгээ хэлж, өмнөх шигээ Евро бүсэд байсаар байвал ачааны хүндийг үүрэх хэрэг гарна гэдгийг ухамсарлахыг хүссэн байна. Тэрээр "Би Брюссельд хайртай биш. Харин "Их Британид, эх орондоо хайртай" хэмээн мэдэгдсэн юм. Девид Камерон цааш нь "Би гаргаж байгаа бүхий л шийдвэрээ улс орныхоо эрх ашигт нийцүүлэхийг зорьдог. Би Брюссельд биш Их Британидаа хайртай. Тиймээс миний эрх мэдэл, хүч чадал эх орны маань ашиг сонирхлын төлөө үйлчлэх болно. Бид нэг л зүйлийг мартаж болохгүй. Яагаад Евро бүсийг байгуулж, энэ нэгдэлд нэгдэн орсноо мартаж болохгүй. 70 жилийн өмнө дэлхийн улс орнууд өөр хоорондоо хагаралдан тэмцэлдэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид ширээ тойрон суугаад асуудлаа ярилцдаг болсон. Нэгэнт энх тайван, тогтвортой байдлыг авчирч чадсан учраас Евро бүсийн нэгдэл хийх зүйлээ хийсэн гэж ойлгож болно. Одоо Европын холбоог шинэчлэх хэрэгтэй. Бид шинэчлэгдсэн Евро бүсэд илүү аюулгүй, илүү хүчирхэг байх болно" гэлээ.
Одоогийн байдлаар Их Британи болон Европын холбооны хооронд байгуулагдаад байгаа гэрээ хэлэлцээр ёсоор Евро группт хамаарах улсууд заавал нэг мөнгөн тэмдэгтийг ашиглах шаардлагагүй болоод байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)