Иргэний дайны улмаас эх нутгаа орхиход хүрсэн хэдэн мянган Сирийн иргэн өдгөө Туркийн хилийн дагуу оршин сууж байна. Тэдний олонхи нь майханд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа бөгөөд дүрвэгсдийн хуаран хүрээгээ тэлсээр байгааг манай мэдээллийн албан ёсны эх сурвалж АР агентлаг дамжуулж байна.
Тэгвэл Туркийн хилийн дагуу аж төрж байгаа Сирийн дүрвэгсдийн тодорхой хэсэг нь иргэний дайны хөлд үрэгдэж бус ОХУ-аас явуулж буй агаарын довтолгооноос зугтаж, орон гэрээ орхиход хүрснээ ярьсан байна. Дүрвэгсдийн өгсөн мэдээллээр бол Оросын тал энгийн номхон ард иргэд олноор оршин суудаг хэсэгт байнга цохилт өгч иржээ.
Агаарын дайралтуудтай холбоотойгоор Сирийн засгийн газар ч ард иргэдээ аюулгүй газарлуу нүүхийг шаардаж эхэлснээр ийнхүү хэдэн мянган айл өрх хоёр улсын хилийн орчимд ирсэн байна.
Орон гэрээ орхисон Сирийн иргэд Турк улсад орогнол хүссээр байгаа ч Туркийн тал хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
Турк болон Сирийн хилийн дагуу бий болсон дүрвэгсдийн хуаран дахь аюулгүй байдлыг аль нэг улс батлан даагаагүй байгаа юм. Цагаач иргэд олноор оршин сууж байгаа бүс нутаг халдлага довтолгооноос бүрэн тусгаарлагдаагүй учраас тэднийг нүүхийг шаардах болсон байна. Хүмүүнлэгийн байгууллагууд ч Сирийн дүрвэгсдэд амьдарч байгаа газар нь нилээд аюултай болохыг сануулсаар байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)