Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж сангийнхаа тэргүүнээр Францын иргэн Кристин Лагардыг дахин сонгосон байна. Тус сангийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, түүний дараагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны долдугаар сарын 5-наас эхэлнэ.
Харин Лагард өөрөө АНУ-ын Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, англи, франц хэлээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрбээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархаж буйгаа илэрхийлээд тус байгууллагын бүх гишүүний ашиг тусын төлөө ажиллана гэдгээ хэлсэн байна.
Лагардад өрсөлдөгч байгаагүй учраас ОУВС-гийн тэргүүний сонгууль санал хураалтгүйгээр болжээ. ОХУ, АНУ болон зарим орон түүнийг дэмжинэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна.