Дэлхийд газрын тос олборлолтоороо 42-т эрэмбэлэгдэж байгаа Перу улс 3000 баррель нефтийг Амазоны ширэнгэн ойн бүст алдаж, гол мөрнийг бохирдуулаад байна. Энэ нь нийтдээ 358,000 литр газрын тос алдагдсан гэсэн үг юм. Одоогоор ус хөрсөнд алдагдсан их хэмжээний газрын тосыг цэвэрлэх технологи нэвтрээгүй бөгөөд байгальд нефть алдагдах нь асар их хор хөнөөл дагуулдаг юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулснаар газрын тос алдагдсан хэрэг явдал өнгөрсөн 1-р сарын 25-нд гарч, улмаар үүнийг хэсэгтээ нууцалж байсан байна. Эрх баригчдын хамгийн ихээр санаа зовж байгаа асуудал нь хөрс рүү нэвчсэн газрын тос ард иргэдийн ундны усны эх үүсвэрийг бохирдуулсан байж болзошгүй юм. Нефть алдагдсан бүс нь Лорета мужийн ард иргэдийн ундны усны эх үүсвэртэй тун ойрхон байрлалтай байсан юм.
Улсын мэдлийн "Петро Перу" компаний газрын тос дамжуулах хоолойд эвдрэл гарснаас үүдэн энэ явдал болсон учир тус компаний удирдлагуудад хариуцлага тооцож, их хэмжээний мөнгөөр торгохоор болж байна. Тус компани урсгал засвар хийж, болзошгүй эрсдлээс сэргийлэлгүй явж ирсэн нь ийм байдалд хүргэжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/