Францын засгийн газраас мэдээлснээр дэлгүүр, супермаркетууд асар их хэмжээний хүнсийг хог болгон хаяж байгаа ч үүнээс илүү хэмжээний хүнсийг ард иргэд өөрсдөө хаягдал болгодог байна. Францад явуулсан судалгаагаар ард иргэдийн 67 хувь нь тогтмол ямар нэг хэмжээгээр хүнсээ хаядаг болох нь тогтоогдсон юм. Энэ дүр зураг зөвхөн Францад ч байгаа юм биш. Дэлхийн ихэнхи хөгжингүй улс гүрнүүдийн ард иргэд хэрэглээнээсээ илүү хэмжээний хүнс худалдан аваад түүнийгээ хаягдал болгодог байна.
Зарим эх сурвалжуудын тооцоолсноор хүн төрөлхтөн жилдээ 1,3 тэрбум тонн хоол хүнсийг хаяж байгаа аж. Энэ нь хэрэглээнээсээ илүү хэмжээний хүнс худалдан авч бэлтгэсэнтэй холбоотой байдаг юм. Хөгжингүй улсууд жилдээ 220 сая тонн хүнсийг хаягдал болгодог бөгөөд энэ хэмжээний хүнсээр Африк тивийн нийт хүн амын талынх нь бүтэн жилийн хэрэгцээг хангах боломжтой юм.
АНУ-ын хувьд хүнсний хаягдал тулгамдсан асуудал болсон бөгөөд Америкчууд худалдан авсан хүнснийхээ 30 хувийг хэрэглэлгүй хаяж байна. Хүмүүсийн хамгийн ихээр хаядаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэбэл талх, төмс болоод бусад төрлийн хүнсний ногоо, сүү болон будаа байдаг байна. Гэтэл дэлхийн хэмжээнд 840 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/