Өнөөдөр дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд Хятад улсыг Өмнөд Хятадын Тэнгис дэх алслагдсан арал дээр газраас харвах зориулалт бүхий пуужингийн системийг суурилуулсан талаарх мэдээллийг тэргүүн нүүрэндээ нийтлэн онцоллоо. Энэ сарын 14-ний өдөр Өмнөд Хятадын Тэнгис дэх Вүүди буюу хятадаар Ёншин хэмээх арлын дээрээс хиймэл дагуулаас авсан зургийг анх америкийн Фокс Ньюс агентлаг нийтэлсэн юм.
Энэхүү пуужингийн систем нь 200 км-ийн радиуст тусах хүчин чадал бүхий HQ-9 хэмээх агаарын хамгаалах систем мөн болохыг АНУ-ын Батлан Хамгаалахын албаны хүн баталсан гэдгийг уламжилсан байна.
Пуужин суурилуулсан хэмээн мэдээлж байгаа арлын энэ хэсэгт энэ сарын 3-ны өдөр авсан гэрэл зурагт хоосон байсан байна. Фокс Ньюсийн зүгээс энэхүү пуужингийн систем нь 200 км-ийн радиуст тусах хүчин чадал бүхий HQ-9 хэмээх агаарын хамгаалах систем мөн болохыг АНУ-ын Батлан Хамгаалахын албаны хүн баталсан гэдгийг уламжилсан байна. Газар нутгийн маргаан бүхий энэхүү бүсэд Хятад улс пуужин харвах системийг суурилуулсныг Тайваний зүгээс мөн баталсан байна. Тайваний Батлан Хамгаалах Яамны зүгээс тухайн арал дээр хэзээ, хичнээн тооны пуужингийн системийг суурилуулсныг хэлээгүй ч эдгээр пуужингууд нь энгийн ард иргэд болон байлдааны нисэх онгоцуудыг онилсон байх бүрэн боломжтой талаар Их Британий Би-Би-Си агентлагт мэдээлсэн байна. Тайваний Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Цай Инвень энэ асуудлаар бүх улс төрийн намуудыг тайван байж, асуудлыг энхийн замаар шийдэх арга замыг хайхыг уриалсан байна. Филиппиний зүгээс мөн энэхүү асуудлыг ажиглаж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Эдвин Ласиерда мэдэгдсэн байна. Тэрээр тухайн бүс нутагт нөхцөл байдлыг улам хүндрүүлэх сонирхол аль улс оронд байхгүй хэмээн хэлсэн байна. Пентагоны зүгээс АНУ нь энэхүү асуудал дээр ямар нэгэн мэдэгдэл хийхгүй ч нөхцөл байдлыг маш ойроос ажиглах болно гэсэн байна. Пуужингийн систем барйшуулсан гэх Вүүди буюу Ёншин арлын талаар зарим мэдээллийг хүргэе.
Энэхүү арал нь Өмнөд Хятадын Тэнгис дэх Парацелийн бүлэг арлууд дотор багтдаг бөгөөд хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог байна. 1000 орчим оршин суугчтай энэхүү арлын ихэнх нь цэргийнхэн бөгөөд цөөн хэдэн барилгачид болон загасчид мөн амьдардаг байна. 1956 оноос эхлэн Хятад улс энэхүү аралд байнгын хяналтаа тогтоосон юм. 2012 онд Хятад улс Өмнөд Хятадын Тэнгисийн бүс нутгийг бүхэлд нь ажиглаж, удирдах зорилгоор Санша хотын орон нутгийн засаг захиргааны удирдлагын албыг тус арал дээр байгуулсан байна. Арал дээр цэргийн гарнизон, эмнэлэг, номын сан, нисэх онгоцны буудал, ерөнхий боловсролын сургуулиас гадна гар утасны сүлжээний антеннууд байдаг байна. Энэхүү арлыг БНХАУ, Тайвань болон Вьетнам улсууд өөрсдийн эзэмшлийн газар нутаг гэж үздэг байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/