Зика вирусын халдвар Латин Америкийн улсуудад газар авсаар байна. Энэ өвчний халдвар "микроцефалия" гэх нэг төрлийн ургийн гажигт хүргэдэг болохыг ДЭМБ анхааруулж ирсэн. Гэтэл зика вирусын халдвар өөр хэд хэдэн төрлийн эмгэгт хүргэдэг болох нь судалгааны явцад тодорхой болж байна. Гийена-Барре хам шинж өвчин зика вирусын халдвартай шууд холбоотой болохыг ДЭМБ анхааруулж эхэллээ.
Бразил, Колумб, Эль Сальвадор, Венесуэл зэрэг зика вирус өргөн тархаад байгаа улсуудад дээрх хам шинж өвчин газар авч эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор судалгаа хийж эхлэсэн байна.
Гийена-Барре хам шинж өвчин нь саажих өвчин хэмээн нэрлэгддэг, мэдрэлийн тогтолцоог доголдуулдаг эмгэг юм. Зика вирусын халдвартай шууд холбоотой болох нь нэгэнт тогтоогдоод байгаа "микроцефалия" гэх гажиг нь мөн л тархины хөгжлийг зогсож, тархи хэт жижиг болох үр дагаврыг авчирдаг юм.
Зика вирусын халдвар авсан иргэдэд саажилт харилцан адилгүй байдалтайгаар илэрч байгааг эмч нар мэдээлж байна. Одоог хүртэл бүрэн дүүрэн судлагдаагүй байгаа Зика вирусын халдвар үхэлд хүргэх нь ховор байдаг ч анагаахад хүндрэлтэй өвчин эмгэгт хүргэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/