Өнгөрөгч онд Америк, Кубын дипломат харилцаа эргэн сэргэж, харилцан элчин сайдын яамдаа нээснээс хойш бизнес эрхлэгчдэд ч томоохон боломж нээгдсэн юм. Кубын нийслэл Гавана хотын ойролцоох аж үйлдвэрийн бүсэд АНУ-ын анхны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон байна. Барак Обамагийн Засгийн газар тус үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжжээ.
АНУ-ын иргэд болох Саул Берентал, Хораци Клеммонс нар Кубын газар тариалан эрхлэгчдэд зориулж жилдээ мянган трактор угсрах хүчин чадалтай үйлдвэр барих хууль ёсны зөвшөрөөл авсан байна. Кубын Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдыг татаж эхэлсэн тул тракторуудаас гадна бусад шаардлагатай хүнд техник тоног төхөөрөмжүүдийг ч угсарч болох юм.
Үйлдвэрийн эзэд 2017 оны эхний улирал гэхэд тракторуудаа хэрэглэгчдийн гарт хүргэх зорилт тавьжээ. 5-10 сая долларын уг үйлдвэр 1959 оноос хойш АНУ-ын Засгийн газрын Куба улсын нутаг дэвсгэрт оруулж буй анхны бодит хөрөнгө оруулалт болж байна. 25 морины хүчин чадалтай тракторуудаа 10,000 доллар хүрэхгүй үнээр зарахаар төлөвлөжээ. Трактор нэг бүрээс 10-20 хувийн ашиг олно гэж тооцсон байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/