Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Ген Хэ Парламентын хуралдаан дээр үг хэлэх үеэрээ Умард Солонгос улсад хатуу анхааруулга өглөө. Улс орон даяар цэнхэр дэлгэцээр цацагдсан мэдэгдлийнхээ үеэр Ерөнхийлөгч Пак Умард Солонгос улс цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол олон арван жил тогтсон Коммунист дэглэм нь тун удахгүй нуран унах болно гэжээ. Хатагтай Пак Ген Хэ цааш нь "Умард Солонгосын Засгийн газарт орж ирж буй хөрөнгийн ихэнх нь ард түмний амьдралын түвшинг дээрдүүлэхэд бус харин цөмийн бөмбөг, пуужингийн туршилтуудад ашиглагдаж байна. Яг одооноос эхлээд Өмнөд Солонгос улсын Засгийн газар Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хөгжүүлэх санаархал нь тус улсын Коммунист дэглэмийг аль болох түргэн нурж унахад хүргэх болно гэдгийг ойлгуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэлээ.
Умард Солонгос улс өнгөрөгч 1 дүгээр сард устөрөгчийн цөмийн бөмбөг туршсан бол энэ сарын эхэнд хиймэл дагуул хөөргөсөн нь холын зайн баллистик пуужингийн техникийн туршилт байсан гэж АНУ, БНСУ-ууд үзэж байгаа юм. Тиймээс Өмнөд Солонгос улсын Засгийн газар эсэргүүцлээ илэрхийлж Хоёр Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэржсэн бүсэд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Энэ нь Хойд Солонгосын ч мөн эгдүүцлийг хүргэж харилцаа холбоо тун таагүй байдалтай байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/