Ирэх пүрэв гаригт Уганда улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Гэвч сонгуулийн өмнө улс орон даяар эмх замбараагүй байдал үүсч, зөрчил мөргөлдөөн газар авсаар байна.
Энэ удаагийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Ёвори Мусевени өрсөлдөх бол сөрөг хүчнээс Кизза Бесиже өрсөлдөх юм. Даваа гаригт буюу өчигдөр сөрөг хүчний нэр дэвшигчийг өргөн хүрээтэй жагсаалын өмнө түр саатуулснаар нөхцөл байдал улам хүндэрлээ.
Сөрөг хүчний нэр дэвшигчийг дэмжигчид Угандагийн Макерере их сургуулийн ойролцоо жагсаал хийж, жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сумтай буугаар буудсан байна. Цагдаа нар болон жагсагчдын хооронд үргэлжилсэн мөргөлдөөний үеэр гэмтэж шархадсан иргэдийг түргэний машинаар авч явжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Кизза Бесиже 15 жилийн өмнөөс төрийн тэргүүн Мусевени бол хуурамч ардчилагч хэмээн буруутгаж байсан бол өдгөө жинхэнэ дарангуйлагч хэмээн нээлттэйгээр нэрлэх болсон юм. Уганда улсын нийслэл Кампала хотод цагдаагийн хамгаалалт гарсан байна. Нэн ялангуяа сөрөг хүчнийхний байрлаж буй төв байруудын орчимд цагдаа нар таран байрлажээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/