Тэтгэврийн насны гэр бүлийн хоёр монгол иргэнийг буутай 5 залуу дээрэмдсэн хэрэг Улаан-Үүд хотод гарсан.
Тодруулбал, ОХУ-д зорчиж байсан манай улсын иргэд рүү багтай этгээдүүд халдаж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн юм.
Тэгвэл энэхүү хэргийн талаар Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Г.Жаргалсайхантай утсаар холбогдож ярилцлаа.
-Манай улсын иргэдийг Улаан-Үд орчимд дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулаач?
-Улаан-Үд хотоос 45 км-ын зайд буудаллаж байсан манай улсын 2 иргэнийг баг зүүсэн, буутай 5 хүн дээрэмдсэн хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Буриадын цагдаагийн газар шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
-Энэ хэргийн талаарх мэдээлэл танай газарт хэзээ ирсэн бэ. Тухайн хүмүүс хэргийн талаар хаана мэдээлсэн юм бол?
-Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу манай улсын иргэдтэй холбоотой бүх мэдээлэл тухай бүртээ манай газарт ирдэг. Үүний дагуу Буриадын дотоод явдлын яамнаас манайд мэдээлсэн. Харин дээрэмдүүлсэн иргэд тухайн өдрийн өглөөний 6 цаг 55 минутад Буриадын цагдаагийн газарт өргөдөл гаргасан байсан.
-Тэдгээр хүмүүс нь чухам хаана байж байгаад халдлагад өртсөн юм бол. Халдлагын үеэр юу болсон талаар та мэдсэн үү?
-Бид Монгол Улсынхаа иргэдтэй утсаар холбоо барисан. Дээрэмдүүлсэн иргэд нь Дархан-Уул аймгийн харьяат гэр бүлийн О, Э гэх хоёр хүн. Тэд “Оронгой” гэх буузны газарт байрлан машиндаа унтаж байхад нь урт, богино буутай хүмүүс ирж нөхрийг нь буугаараа нүдэн тус газарт нь цохиж бэртэл учруулсан байсан. Улмаар гар, хөлийг нь скочоор хүлж, машинд нь суулган хээр эзэнгүй газар аваачиж 87 мянган рублийг дээрэмдэн, машины түлхүүрийг нь авч явсан болохыг бидэнд мэдээлсэн.
-Дээрэмдүүлсэн иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ. Сэтгэл санааны байдал нь хүнд байгаа байх даа?
-Дээрэмдүүлсэн иргэд маань тэтгэврийн насны хүмүүс юм билээ. Тухайн үед бага зэрэг цочролд орсон ч одоо биеийн байдал хэвийн байгаа. Харин нөхөр нь нүдэн тус газраа бага зэргийн гэмтэл авсан гэсэн. Тэд одоогоор Буриадын цагдаагийн газрын хамгаалтад байгаа.
-Дээрэмдүүлсэн иргэд тухайн үед машины номерыг харж чадаагүй юм болов уу. Уг нь гэмт этгээдүүдийг улсын дугаар нь олох боломж байгаа байх даа?
-Тухайн үед шөнийн 3 цаг болж байсан болохоор харанхуй байсан. Гэхдээ хохирогчид дээрмийн хэрэг үйлдсэн хүмүүсийг хөдлөөд явах үед машиныг нь харахад арын улсын дугааргүй машин байсан гэсэн.
-Тэдгээр хүмүүс аялалын шугамаар зорчиж байсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?
-О, Э гэх гэр бүлийн хүмүүс хувийн хэрэгцээний зүйлээ авахаар зорчиж байсан юм билээ.
-Тэдгээр иргэдийг монгол руу яаж буцаах вэ?
-Бид Буриадын цагдаагийн газрын хүмүүстэй холбогдож монгол иргэдийн машины цоожийг онгойлгож, түлхүүр тааруулж асаах арга хэмжээ авч байна. Мөн тэдгээр иргэдэд буцах үнэмлэх олгож нутаг руу нь буцаана. Өнөөдөр /өчигдөр/ манай газарт энэ хүмүүс ирнэ.
-Төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй, ямартай я түлхүүр тааруулж иргэдийн машиныг асааж өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа.
- ОХУ-руу визгүй зорчих болсноос хойш манай улсын иргэд тус улс руу зорчих нь их болсон. Энэ мэт гэмт хэрэгт өртөж, хохирох тохиолдол хэр гардаг вэ?
-Манай улсад рублийн ханш бага байдаг учраас иргэд ОХУ-д их хэмжээний рубльтэй ирж, худалдаа наймаа хийдэг. Энэ байдлыг ашиглаж, монголчуудыг дээрэмдэх явдал үе, үе гардаг. Үүний өмнө нь Хиагтын боомт дээр явж байсан Сэлэнгэ аймгийн харьяат иргэдээс 45 мянган рубль дээрэмдсэн хэрэг гарсан.
-Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд олж, хохирлыг барагдуулсан болов уу?
-Одоогоор олдоогүй. Эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжүүлэн явуулж байгаа.
-Манай иргэд их хэмжээний рубльтэй явахаас гадна ямар учраас ийнхүү халдлагад өртөөд байна вэ?
- Хамгийн гол нь манай улсын иргэд хаа хамаагүй газар буудаллаж, гэмт хэргийн золиос болоод байгаа юм. Харин албан ёсны буудал, суурин газар буудаллах хэрэгтэй байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (22)