Африкийн өмнөд нутагт байдаг Ангол улсад малтлага хийж байсан үндэсний уул уурхайн "Люкапа алмаз" компани аварга том хэмжээтэй алмаз эрдэнэ олсон талаараа мэдээлжээ. Тэдний олж илрүүлсэн алмаз эрдэнэ уртаараа 7 см буюу төлбөрийн картны хэмжээтэй юм байна.
Ойролцоогоор 404,2 каратын алмаз эрднийг Ехуда компани нягталж, өнгө чанарыг нь тодорхойлжээ. Чанарын хувьд 2 дугаар зэргийн алмаз бөгөөд өнгөний хувьд D ангилалд багтах буюу өнгөгүй юм байна. Өөрөөр хэлбэл цагаан өнгийн алмаз чулуу гэсэн үг юм. Алмаз эрдэнэ байгаль дээр ийм том хэмжээтэйгээр хадгалагдаж үлдэх нь тун ховор учраас маш ховор, үнэ цэнэтэй олдвор гэдгийг АНУ-ын геологизүйн судалгааны хүрээлэнгээс мэдэгджээ.
Люкапа компаний хэрэгжүүлж буй "Люло алмаз" төслийн хүрээнд Ангол улсын төвийн бүсийн 3,000 км кв талбайд малталт хийж өнгөрсөн онд 60 гаруй аварга хэмжээтэй алмазыг олсон байна. Сүүлд илрүүлсэн нээлтийн дараа тус компаний хувьцаа Австралийн хөрөнгийн бирж дээр 30 хувиар өсчээ. Түүхэн олдвор гэж хэлж болохоор уг цагаан алмаз багадаа л 20 сая долларын үнэ хүрэх юм.
Ангол улс алмаз эрдний үйлдвэрлэлтээрээ дэлхийд 4 дүгээрт ордог. 404,2 карат хэмжээтэй алмаз тус улсаас өмнө нь олдож байгаагүй юм. Тус улсад 2007 онд 217,4 карат алмаз олж байсан нь хамгийн том хэмжээтэй алмазад тооцогдож байжээ. Харин дэлхий дээр олдож байсан хамгийн том алмаз эрднийг Куллинан гэдэг бөгөөд 3,106 каратын алмазыг 1905 онд Өмнөд Африк улсаас олж байсан юм байна. Өдгөө Лондоны цамхагт засч янзалсан хэлбэртэйгээр хадгалагддаг ажээ. Ангол улсаас сүүлд олдсон үнэт чулуу дэлхий дээр урьд өмнө олдсон алмаз эрднүүдээс хэмжээгээрээ 27-д орж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)