Өнгөрсөн 7 хоногт Мексик улсын Монтеррей хотын Топо Чико хорих газарт Зетас гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд өөр хоорондоо мөргөлдөж, цуст бослогын үеэр 49 хоригдол амиа алдсан билээ. Бослогын дараа холбогдох хүмүүс хорих газарт хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд Топо Чико хорих газраас хэд хэдэн тансаг зэрэглэлийн нууц өрөөнүүдийг олж илрүүлжээ.
Эрх баригчид шалгалтын үеэр уурын саун, согтууруулах ундаа, хоол хүнс хадгалж худалдах газар, гэр ахуйн тансаг хэрэглээний цахилгаан хэрэгсэл, хөргөгч, агааржуулагч, усан сан зэргийг олжээ. Мөн хууль бусаар хорих газарт оруулж ирсэн тансаг тавилга, бусад тоног төхөөрөмжүүдийг ч илрүүлсэн байна. Гэмт хэрэгтнүүдийн сүсэглэдэг Ариун үхлийн хэдэн зуун бурхан шүтээнүүдийг ч олж утсгажээ.
Топо Чико хорих газарт эдгээр тансаг хэрэглээний эд зүйлсээс гадна 60 ширхэг алх, 86 хутга, 120 орчим хурц үзүүртэй зэвсэг байсныг хурааж авсан байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан мөргөлдөөний үеэр эдгээр зэвсгүүдийг ашигласан гэж үзжээ. Хэрэгт холбогдуулан тус хорих газрын дарга, захирагч, хуягуудыг баривчилж хүн амины гэмт хэрэгт буруутгаад байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/