АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт АСЕАН-ы гишүүн орнуудын төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалт нь АСЕАН-ы гишүүн болох зүүн өмнөд азийн 10 улсын төрийн тэргүүн нар АНУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Тэд мөн Калифорни мужид зохион байгуулагдаж байгаа хоёр өдрийн чуулга уулзалтанд давхар оролцож байгаа юм. Барак Обама энэ үеэр "Бид хамтдаа худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр ажлын байрыг шинээр бий болгож, ард иргэддээ шинэ боломжуудыг нээж өгөх юм. Миний бие Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш АНУ болон АСЕАН-ы хоорондох гадаад худалдаа 55 хувиар эрс нэмэгдсэн билээ. Зүүн өмнөд азийн бүс нутаг өнөөдөр АНУ-ын гадаад худалдааны 4 дэх томоохон хамтрагч болсон бөгөөд 500000 гаруй америк хүнийг ажлын байраар хангаж байна. Америкийн компаниуд өнөөдөр АСЕАН-ы хөрөнгө оруулалтын хамгийн том эх сурвалж болж байна. Энэ нь ЗӨАзийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн жилүүдэд өсч, ядуу буурай амьдралтай хүмүүсийг дундаж давхаргад шилжихэд хүргэсэн гол хүчин зүйлүүдийн нэг болсон гэж хэлж болно" гэлээ.
Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Бруней, Вьетнам, Лаос, Мьянмар, Камбожийн төрийн тэргүүн, удирдагч нар энэхүү чуулга уулзалтын хүрээнд эдийн засаг болон аюулгүй байдлын асуудлууд, мөн зүүн өмнөд азийн бүс нутаг дахь Хятад улсын үзүүлж байгаа нөлөөлөл, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцан, чуулж байна. Чуулганы үеэр АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Сьюзан Райс Өмнөд Хятадын Тэнгис дэх газар нутгийн зөрчилдөөнийг онцолсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/