Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Йемен улсын Кавкабан хотод агаарын цохилт өгч эхэллээ. Ням гаригаас эхэлсэн агаарын дайралтаас үүдэн 5 хүн амь насаа алдаж, 10 хүн шархдсан болохыг Йемен улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна.
Хүн төрөлхтний түүх соёлын үнэт өвийн өлгий болсон Кавкабан хот нь хэт даврагч Хути бүлэглэлийнхний гарт орсон бөгөөд тус хотод орогносон босогчдын эсрэг ийнхүү агаарын дайралтыг эхлүүлж байгаа юм.
Кавкабан хот нь эртний Еврейн болон Арабын соёлын дурсгалыг өөртөө хадгалж ирсэн өнө эртний түүхтэй суурин газар юм. Тус хотын байнгын оршин суугчид ар араасаа дүрвэсээр өдгөө Кавкабан хот босогчдын мэдэлд үлдэхэд хүрээд байна. Санаа хотоос 50 километрийн зайд орших тус хотод нэн эртний шавар байгууламжууд байдаг юм. Эдгээр түүхийн дурсгалууд гэмтэж сүйдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
/UBS/