1978-2005 онд насан эцэслэх хүртлээ Дэлхийн Католик сүм хийдийг тэргүүлж байсан Ромын пап 2 дугаар Иоанн Павел яах аргагүй 20 дугаар зууны нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан юм. Тэрээр Ромын пап байхдаа дэлхийн 129 оронд зочилж энх тайван, сайн сайхныг уриалж байжээ.
Польш гаралтай Ромын пап 2 дугаар Иоанн Павелын угсаа гарал нэг философич эмэгтэйд бичсэн захидлуудыг олон нийтэд ил болгосон байна. 1923 онд төрсөн Польш-Америкийн иргэн академич хатагтай Анна Тереза Тыменецка гэрлэсэн хэдий ч Ромын пап агсан түүнд сэтгэлтэй байсан хэмээн шуугих болсон юм. Тэдний харилцаа олон нийтэд мэдэгдэж байснаас ч илүү гүн гүнзгий дотно байсныг судлаачид гэрчилж байна.
2014 онд Терезаг 91 насандаа таалал төгссөний дараа эд зүйл дундаас нь олон жилийн турш нууж байсан гэрэл зургуудыг нь олсон байна. Эдгээр гэрэл зургууд дунд 2 дугаар Иоанн Павел Ромын папын хувцастайгаас богино өмдтэй нуурын эрэг дээр авахуулсан хүртэл зургууд олджээ.
Ромын пап агсан болон гэр бүлтэй академич бүсгүй хоёрын хооронд бичилцсэн захидлуудыг 2008 онд Польш улсын Үндэсний номын санд худалдсан ч олон нийтэд үзүүлэхээс татгалзсан байсан юм. Тэд хамгийн анх 1973 онд Ромын пап агсныг Краковын Католик сүм хийдийн хамба лам байхад нь танилцаж байжээ. Тэдний бага нас, хүүхэд ахуй цаг колоний үед өнгөрснөөрөө тун ижил төстэй байсан юм. Дайны дараа Тереза АНУ-д ирж суралцан, гэрлэж 3 хүүхэдтэй болжээ.
1970-аад оны үед Иоанн Павел болон Тереза нарын харилцаа тун эрсдэлтэй байсан юм. Тереза Ромын пап руу хэд хэдэн удаа захидал илгээж, түүний хариуг өгөхдөө Павел цахим шуудан огт ашигладаггүй байсан төдийгүй өөрийн гараар захидал бичдэг байжээ. Иоанн Павелын бичсэн нэг захидлын төгсгөлд "энэ тухай бичихэд хэтэрхий хүнд олон асуудал байна" хэмээжээ. 1975 оны зун бичсэн захидалдаа Тереза түүнд хайртай болсноо илэрхийлсэн байна.
1990 онд Иоанн Павел Паркинсоны өвчтэй болох нь тогтоогдож Ватиканд тусгаарлагдах нь ихэссэн юм. Тэр үед хатагтай Тереза ойр ойрхон зочилж, цэцэг, гэрэл зургуудаа илгээдэг байжээ. Тухайн үед бичсэн захидалдаа "Би таны тухай бодож байна, бодол сэтгэхүйдээ би өдөр бүр Помфретэд очдог" гэсэн байна. Хамгийн сүүлд тэд 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ромын пап 2 дугаар Иоанн Павелыг таалал төгсөхөөс 1 хоногийн өмнө уулзжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/