Өмнөд Солонгос улс БНАСАУ-тай хамтран байгуулсан Кэсон аж үйлдвэржсэн бүс дэх үйл ажиллагаагаа өнгөрсөн 7 хоногт зогсоогоод байгаа юм. Учир нь Хойд Солонгос улс он гарснаас хойш устөрөгчийн бөмбөг хийгээд холын зайн баллистик пуужингийн туршилт хийсэн учраас гол санхүүжилтыг нь таслахаар шийдсэн байна. Харин энэ үйлдлийг Пхеньяны зүгээс дайн зарлалаа хэмээн үзэж буруушааж байгаа юм.
Өмнөд Солонгос улсын баталснаар Кэсон аж үйлдвэржсэн бүсэд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн хөлсний 70 хувийг Хойд Солонгос улсын Засгийн газар өөрийн эрх ашгийн төлөө зарцуулдаг байна. Тодруулбал Засгийн газраас хэрэгжүүлж буй зэвсгийн хөтөлбөр, элит гаралтай улс төрчдийн тансаг хэрэглээнд зарцуулдаг гэжээ.
Хойд Солонгос улс Өмнөд Солонгосын үйлдэлд эгдүүцэж Кэсон аж үйлдвэржсэн бүс дэх бүх Өмнөд Солонгосчуудыг албадан хөөж, Өмнөд Солонгосын киноны зах зээлийг хаасан байна. Хоёр Солонгосын харилцаа хамтын ажиллагааны хамгийн гол төв болсон Кэсон аж үйлдвэржсэн бүсэд таагүй уур амьсгал бүрдсэнээр улс хоорондын харилцаанд ч сэв суухад хүрч байгаа юм.
2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Кэсон бүсэд Хойд Солонгосын 54,000 ажилчин ажилладаг. Өмнөд Солонгосын Засгийн газар эдгээр ажилчдад жилдээ 100 сая долларын цалин хөлс өгдөг байна. Өнгөрсөн жилүүдэд нийтдээ 616 тэрбум воны цалин хөлс олгосон гэж Өмнөд Солонгос улс тооцжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/