Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.
Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.