Энэтхэгийн “Bharat Biotech International Limited” гэх эм үйлдвэрлэгч компани Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаад буй зика вирусын эсрэг вакцин гаргаж авсан тухайгаа олон улсад мэдэгдсэн байна.
Тус компани зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авсан хэмээн ДЭМБ-д явуулсан тайландаа дурьдаж, өвчтөн дээр клиникийн туршилт явуулах зөвшөөрөл олгохыг хүсчээ.
Зика вирусын вакциныг урьдчилсан байдлаар сармагчин болон гахайн дээр туршсан гэнэ. ДЭМБ уг вакциныг туршилтад оруулахыг зөвшөөрвөл тус компани дөрвөн сарын дотор нэг сая вакцин үйлдвэрлэх юм байна. ДЭМБ-аас уг вирусын халдвар авсан байх магадлалтай дөрвөн сая иргэн байгаахэмээн мэдэгдэж, өнгөрсөн амралтын өдөр олон улсад эрүүл мэндийн онц байдал зарласан.
Мөн анх удаагаа уг вирусын халдвар бэлгийн замаар халдварласан юм. “Бэлгийн замаар уг вирусын халдвар авсан Америк эмэгтэйн биеийн байдал тааруу байгаа” хэмээн АНУ-ын Даллас хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “АНУ болон Канадын эмч нар зикагийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Ирэх есдүгээр сард анхны клиникийн туршилт явуулахаар болсон” гэж мэдэгдсэн юм.