Америк тивийн орнуудад хурдацтай тархаж буй зика гэгч вирусын талаар ДЭМБ нухацтай авч үзэж байна. Тус байгууллагын зүгээс уг вирусын тархалт огцом нэмэгдэж байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлаж байгааг мэдэгдлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чан "18 шинжээч, зөвлөхөөс бүрдсэн баг зика вирусын аюул, тархацыг судалсан. Тэдний үзэж байгаагаар жирэмсний үеийн вирусын халдвар болон хэт жижиг толгойтой хүүхдүүд төрж байгаа нь хоорондоо холбоотой эсэх нь тун их анхаарал татаж байна. Одоогоор шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй зүйл. Энэ бүгдийг нарийн шинжилж тогтооход олон улсын хамтын хүчин чармайлт хэрэгтэй байна. Манай хорооны гишүүд үүссэн нөхцөл байдлыг олон хэмжээнд тулгарсан онц байдал гэж хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдэгдлийг Латин Америкийн орнууд болон Япон зэрэг бусад улс орнууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм. Перу улс зика вирусын халдварын эсрэг үйл ажиллагаагаа 2 дахин нэмэгдүүлсэн бол Бразил улс вирусын тархалт нэмэгдсэн ч Рио Де Жанейрогийн зуны Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах болно гэжээ. Шумуулаар халдаж буй зика вирусын тархалт одоогоор дэлхийн 20 гаруй оронд илрээд байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/