Зика вирус болон халуун хумхаа өвчний халдварыг тараадаг шумуултай тэмцэх оновчтой аргыг хүн төрөлхтөн хайсаар байна. Тэгвэл шумуулыг устгах хэд хэдэн үр дүнтэй аргыг судалж туршиж байгаа талаар "Time" сэтгүүл мэдээллээ.
Эрдэмтэд шумуултай тэмцэх үндсэн хоёр аргыг сонгон авч, туршиж эхлээд байна. Хортон шавьжтай тэмцэхэд байнгын хэрэглэгддэг хор цацах, химийн бодисоор үргээх зэрэг арга нь өдгөө бараг нөлөөлөлгүй болоод байгаа юм. Учир нь шумуул мэтийн хортон шавьж химийн гаралтай хорны эсрэг дархлааг хэдийнэ олоод авчихсан байдаг.
Тиймээс шумуулны генийг өөрчлөх аргыг хамгийн оновчтойд тооцох болоод байна. Хэдийнэ туршигдаж эхэлсэн энэ аргын үрээр шумуулнууд цус сорж амьдрахаа болих аж. Өөрөөр хэлбэл тогтож ирсэн амьдралын хэвшилд нь өөрчлөлт оруулахаар оролдож байгаа юм. Зарим эрдэмтэд тодорхой химийн бодис цацах замаар шумуулны үржих чадварыг үгүй хийх нь зөв хэмээн үзэж байна. Ингэснээр хэсэг хугацааны дараа шумуулны тоо толгой эрс цөөрөх боломжтой ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/