Этиоп улсад яаралтай туслах үүднээс НҮБ 1.4 тэрбум ам.долларын сангийн асуудлыг шийдвэрлээд байгаа бөгөөд энэхүү мөнгөн дүнгийн бараг тал хувийг нь хандивлагч улс орнууд гаргасан байна. Энэхүү тусламжийн сангийн хөрөнгө нь Эл Ниньо хэмээх цаг уурын уламжлалт бус үзэгдлийн улмаас ган гачигт автаад байгаа тус улсад хүмүүнлэгийн тусламж, туслалцааг яаралтай хүргэхэд зарцуулагдах болно хэмээн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн АНУ дахь зохицуулагч мэдэгдсэн байна. Харин НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мун тус улсын ган гачигт нэрвэгдээд байгаа бүс, нутгуудад очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Тэрээр Зиваи Дугда хотноо байрлаж байгаа хүнсний төвийн фермерүүд, тариачид болон гамшгийн эсрэг ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/