Монголын хоккейн холбооноос Үндэсний лигийн тоглолт 2015 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд тус тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр болж байна.
Үндэсний лигийн тоглолтод “Хангарьд”, "Багануур", "Дархан", “Капитал”, “Шарын гол”, “Отгон-Од” гэсэн зургаан баг оролцсоноос нь медалийн төлөө өрсөлдөх багууд тодорч өнөөдрөөс шигшээд шалгарсан багуудын халз тулаан эхэллээ.
Хагас шигшээд Орхон аймгийн “Хангарьд”, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Багануур”, Хас банкны “Хасын хүлгүүд” болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Шарын гол” багууд тунасан юм. Түрүүлж хоёр хожсон баг нь алтан медалийн төлөө тоглох эрхийг авна. Энэхүү тоглолт 3, 4-р хороололд байрлах "Билэгтхүү" мөсөн талбайд болно.
Хагас шигшээ тоглолт өнөөдөр 10 цагаас "Шарын гол" - "Хангарьд" багийн тоглолтоор эхэлсэн бөгөөд "Хасын хүлгүүд" - "Багануур" багуудын халз тулаанаар үргэлжилнэ. Лигийн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 31-ний өдрийг хүртэл "Билэгтхүү" мөсөн талбайд болж шилдгүүдээ тодруулна.
Дашрамд сонирхуулахад, Монголын хоккейн холбооноос өсвөрийн УАШТ-ийг Дархан-Уул аймгийн Шарын голд зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд зургаан багийн 120 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөн юм.